Thursday, September 27, 2007


“Хүүхэд төрүүлэхийг хориглоно”
Ардын эрх -Шуудхан хэлбэл Монголчуудын хувьд хүүхэд гэдэг мал амьтнаас дор үзэгдэх болчихсон ч юм уу-Дөрвөн настай хүү багынхаа явдлыг дурсчээ. Ээж ээ, би гурван нас хуртлээ өөрийгөө “Хөөө чи зүгээр бай” гэдэг нэртэй л гэж боддог байсан ш дээ. “Хөөрхөн төрөх албагүй” кино дуусав. Катя Пушкарева захирлуудын зөвлөлд “Маргааш өглөө 10 цагт энэ өрөөнд уулзъя” гэж хэлнэ. Маргааш өглөө охин ээжээсээ “10 цаг болсон уу?” гэж байн байн шалаад байж. Ээж “10 цагаар чи яах гээ вэ?” гэхэд “Катя өглөө 10 цагт үйлдвэр дээр ирнэ гэсэн ш дээ. Та үзэхгүй юм уу?” гэж. Хүүхэд гэдэг ийм л гэнэн цагаахан, хайр булаам эгдүүтэй амьтад билээ. Хүүхэд инээсэн, тоглосон газар хүн бүрийн сэтгэл хайраар бялхаж, инээд алдан алхдагсан биш үү. Гэвч бидний заримын маань хувьд тийм хувь дутжээ. Хаа сайгүй хүүхэд эндэж осолдож, анхааралгүй, анхиагүй байдал, гэмт хэргийн золиос болжбайна. Хөлд дөнгөж орж байсан охин хашаан дотроо гүйж яваад бохирын нүхэнд унан амиа алдсан тухай манай сонин мэдээлсэн. Хамгийн эмгэнэлтэй нь охины ээж хүүхдээ алга болсныг бүтэн цагийн дараа мэдсэн гэж байдаг.Саяхан Налайх дүүрэгт нэгэн айлын гэр шатав. Хажуугаар нь явсан залуу галыг унтраах гэж оролдоход эхнэр нь “Хүний юм бидэнд ямар хамаатай вэ, аягүй бол чи өөрөө хэрэгт орно” гэж хориглоод гал руу дөхүүлээгүй гэнэ. Цагийн дараа гэр шатаж дуусав. Галаас хожимдож ирсэн гэрийн эзэгтэй “Хоёр хүүхэд минь дотор нь цоожтой байсан шүү дээ” хэмээн үс гэзгээ тасчин уйлахад хавь ойрынхны сэтгэл урагджээ. Мөн хоёр хүүхэд гудамжинд хаясан эвдэрхий хөргөгчинд ороод амиа алдсан, саяхан бас хоёр бяцхан охин жорлондоо унаад хорвоог орхисон тухай эмгэнэлт баримтыг бид мэдээлж байсан. Энэ мэтчилэн бидний анхаарал халамж, хайр энэрэл, тэр байтугай өчүүхэн төдий сэтгэл дутсанаас болж өдөр бүр хаа нэгтээ хүүхэд эндэж байна. Шуудхан хэлбэл монголчуудын хувьд хүүхэд гэдэг мал амьтнаас дор үзэгдэх болчихсон ч юм уу. Цаг бусаар үр хүүхдээ алдсан ээж аавууд үүнийг санаатайгаар ийм байдалд хүргээгүй нь тодорхой. Тэдний ихэнх нь “Бид ядуу учраас хүүхдээ асарч чадахгүй”, “Амьдрал тарчиг болохоор ажил хийх гэж яваад л ийм боллоо” гэх мэтээр өөрсдийгөө өмгөөлдөг. Гэвч хүүхэд тань таны ядуу байгаад, ажил хийх хэрэгтэй болсонд ямар ч буруугүй. Хүүхэд гэдэг нялх амьтан амьдралын хар бараан, зовлон зүдгүүрийн талаар юу ч мэдэхгүй. Тэд зөвхөн өвдөж байгаагаа, өлсч даарч, өөрт нь хайр дутаж байгааг л мэдэрдэг. Гэвч тэд энэ тухайгаа хэлж, эрхээ хамгаалж, таныг буруутган элдэв дүрэм журам шаардаж чадахгүй. Насанд хурэгчид шиг жагсч цуглаж, суулт хийж, таны эсрэг шүүхэд гомдол гаргаж мэдэхгүй. Тиймээс хүүхдийн эсрэг бүх гэмт хэрэг, эс үйлдлийн гэмт хэргүүд /эмч хүн өвчтөндөө тусламж үзүүлээгүй бол эс үйлдлийн гэмт хэрэг болдогтой адил эцэг эхчүүд хүүхдээ асран хамгаалж чадаагүй бол бас эс үйлдлийн гэмт хэрэг мөн. Энэ тохиолдолд харсаар байгаад хоёрын хоёр хүүхэд галдчихсан дээрх гэр бүлийн хоёр ч гэсэн эс үйлдлийн гэмт хэрэгтэн гэдгийг бас сануулья/ эзэн тодорхойгүй юм уу гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй болоод өнгөрдөг гэнэ. Магадгүй та хажуугаар өнгөрсөн машин таны машинд өчүүхэн зураас улдээсний төлөө, эсвэл хэн нэгнээс хатуу үг сонссоныхоо төлөө хохирлоо төлүүлэх, нэр төрөө сэргээлгэхээр шүүх цагдаа болон суржигнэдэг мөртлөө хүүхдийнхээ амьд явах, эрүүл энх байх, болзошгүй аюул ослоос хамгаалагдсан байх эрхийн талаар нэг удаа ч гэсэн бодож үзсэн болов уу. Шударгаар хариулбал олонхийн тал хувь нь “үгүй” гэж хэлэх биз. Яагаад гэвэл монголчууд хүүхдийн эрхийг хамгийн их зөрчдөг, тэрийгээ хэзээ ч асуудал болгож юман чинээ боддоггүй дэндүү “гүндүүгүй” ард түмэн юм. Бидний зарим нь хүүхдийг өөрийг нь зугаацуулагч амьд тоглоом, эсвэл хямд ажиллах хүч шиг л ханддаг гэвэл хилсдэхгүй. Үүнийгээ бие биеэсээ нууж хаахыг ч оролдохгүйг нь яана. Улсын баяр наадмаар хурдан морины уралдаан гэж хүн болгоны үзэх дуртай нэг “шоу” бий. Нас бие гүйцсэн тарган адууны нуруун дээр дөрвөн настай хүүхэд мордуулаад 40-50 км давхиулах юу ч биш. Сүүлийн хэдэн жил энэ зугаа цэнгэлийг “хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр”-ийн хэлбэрт оруулан хориглох гэж хуухдийн эрхийн байгууллагууд нилээд хүч үзсэн боловч чадал дутаж орхив. Үүнийг дурдахдаа бид “Шинэ үе”-ийнхний шоглосон шиг манай уяачид хөл хүндтэй хүүхнээ юм уу, хөл нь муудсан хөгшнөө морь унуул гэсэн юм биш. Зүгээр л хүүхдээ морьдын хөлд унагачихгүйн тулд эмээл тохож унуулаач, ядаж бэртэж гэмтэхгүйн тулд хамгаалалтын малгай өмсгөөч гэхэд “Морь эцчихнэ” гээд зурхэлдэггүй л улс шүү дээ, манайхан. Гэтэл тэр нэг адгуус таван километр илүү хурдлах нь чухал уу, таны хүүхэд эсэн мэнд өсч хүн болох нь чухал уу. Уг нь манайх аль 1960-аад онд НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенцид нэгдэн орсон. Одоо Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Хүүхдийн төлөө үндэсний газраас авахуулаад хүүхдийн нэрийг зээлдэн мөнгө хөрөнгө идэж уудаг, гадаад дотоодоос санхүүждэг өчнөөн олон төрийн болон төрийн бус байгууллагууд бий. Гэтэл бодит байдал дээр тэд бүгд байсны хэрэг, бүтээсэн гавьяа гэж алга. Хэрвээ Америкт та гудамжинд хүүхдээ нэг алгадаад орхивол цагдаа ирээд таныг гавлаж орхино. Хүүхдийн эрхэнд халдлаа гэж. Манайхан шиг хүүхдээ гэрт нь цоожлоод ажилдаа явах юм уу, айлд орхичихоод архи уугаад явбал, эсвэл дүрэмт хувцсыг нь авч өгөлгүй нэг өдөр хичээлийг нь таслуулбал таны хүүхэд асрамжлах эрхийг хасаад хүү, охиныг тань асрамжийн газар өгнө дөө. Гэтэл манай эцэг эхчүүд яадаг вэ. Дахиад баримт сөхье. Хэдхэн жилийн өмнө Хөвсгөл аймгаас Эрдэнэт орохоор явж байсан хүмүүс зам зуурт овоон дээр бууж архи уухдаа гурван настай хүүхдээ мартчихаад явж байсан, эргээд ирэхэд нь хүүхдийг нь хээрийн амьтан зэрэмдэглэчихсэн байсан аймшигт түүх бий. Тэр битгий хэл дөнгөж төрсөн нярай хүүхдээ хогийн пункер руу шидэж чаддаг “эмэгчин”-гүүд ч манайд л байдаг. Тийм учраас хүүхдийнхээ өмнө хүлээсэн хариуцлагагүй, асарч хамгаалах үүргээ умартсан мөртлөө адгуус мэт хавьтаж, гахай шиг өсч уржиж байдаг, төр засаг нь үүнийг нь харсан ч хараагүй мэт дүлий дүмбэ оргин элгээ эвхэж суугаа бүх Монголчуудад хүүхэд төрүүлэхийг хориглоё…С. Бурмаа